Sunday, February 4, 2007

“Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ.”


Цуврал №4

“Гэрийн сургалтын аргын” талаар танилцуулж буй энэхүү зөвлөгөө нь гадаад хэлийг нэвтэрхий сайн суралцахаар зориг шулуудсан хүмүүст зориулагдсан гэдгийг энэ дашрамд хэлье. Англи, орос, хятад, япон, солонгос, герман зэрэг аливаа нэгэн гадаад хэлийг нэвтэрхий сайн сурсан байхын тулд тухайн хэлээр чөлөөтэй ярьж, бичиж, ном, сонин, сэтгүүл уншиж, кино, телевиз болон радиогийн нэвтрүүлэг үзээд чөлөөтэй ойлгох зэрэг чадваруудыг эн тэнцүү эзэмшсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн хэлээрээ сэтгэх чадвар бол хамгийн төгс сайн сурсаны илрэл болдог. Өөрөөр хэлбэл дээрх бүх чанаруудыг цогцоор нь эзэмшсэний үндсэн дээр сая тухайн хэлээр сэтгэх чадварыг эзэмшинэ. Амьдрал дээр бид тэр бүр үүнийг ойлгодоггүй болохоор хүн болж төрсөний дээдийн хишиг болох билиг оюуны зүйрлэшгүй их хүчийг ашиггүй дэмий балай зүйлсэд хандуулан сарниан алдаж байдаг. Тухайлбал дөнгөж эрдэм сурч эхлэж байгаа хүүхдэд цагаан толгойн хичээл цаг гаруй зааж байснаа түүнийгээ больчихоод дуу дуулуулаад эхлэдэг. Тэгээд дараачийн цаг дээр тоо бодуулах гэх мэт. Маргааш өдөр нь зургийн хичээл, хөдөлмөр гэх мэтээр билиг оюуны хүчийг ёстой сарниаж өгдөг. “Хүүхэд бүр зургаан нас хүртлээ Да Винчи шиг суутнууд байснаа сургуулийн ширээн дээр суугаад жирийн хүүхэд болон хувирдаг.” гэсэн үг байдаг нь өрнөдийн сурган хүмүүжүүлэх ухаанд ч гэсэн хүүхдийг зөнгөөр нь сургах хичнээн чухал болохыг ойлгож мэдэрч байдгийн баримт юм. Тэгэхээр яах хэрэгтэй гэсэн үг вэ? Ерөөсөө л цөөн хэрэгтэй хичээлийг өдөр болгон зааж, түүнийхээ системийг бүрэн төгс ойлгуулсны дараа өөр бусад уялдаатай хичээлүүдийг зааж сургах хэрэгтэй юм. Тэгвэл цаг хором бүрээр баяжиж хязгааргүй уудам орон зайд тархаж байгаа мэдлэг мэдээллээс орхигдон хоцрох биш үү? Санаа зовох хэрэггүй. Харин ч хүүхдийг физикээр Ньютон, Эйнштейн шиг, химийн хичээлээр Менделеев, Ломоносов шиг, биологиор Дарвин шиг гэх мэтээр тал бүрийн өргөн мэдлэг олгох зорилт тавиад түүний үр дүн санаснаас хавьгүй муу байгааг бид амьдрал дээр харж байна шүү дээ. Харин ч уураг тархинд нь энэ хүнд мэдлэгийн системүүдийг чихэж оруулах гээд арга ядаж байх зуур бид хүүхдэдээ хүн байх ёсны тухай хамгийн гол мэдлэгийг олгох явдлыг умартан орхисноо одоо л бага сага ойлгоцгоож байна. Харин ийм буруу замаар будаа тээж байхын хооронд амьдралд хэрэгтэй цөөн тооны хичээлийг сонгож системтэй мэдлэг олгохын зэрэгцээ хүн байх ёсыг зааж, зөв хүн төлөвшүүлэхэд анхаарч байвал үр дүн нь хавьгүй их байдгийг манай хот хөдөөд ажиллаж ихээхэн нэр хүндийг олж байгаа турк сургуулийн жишээ бидэнд харуулж байна. Манай хүүхэд багачууд сар дэлхийг тойрдог, дэлхий тэнхлэгээ эргэх зуур нарыг тойрч байдаг болон атом молекулын хөдөлгөөн зэргийг андахгүй сайн мэддэг хэрнээ хүний амьдралын зорилго, хүн байх ёсны талаар ямар ч ойлголт мэдэгдэхүүнгүй байдаг нь чухам сургалтын чиг зорилго, арга барил гажуудсантай холбоотой юм. Энэ олон зүйлийг нуршиж буйн цаад учир гэвэл оюутан сурагчдад олгох эрдэм мэдлэгийн төрөл зүйлийг оновчтой сонгож, оюун бодлыг нь зөв зүйтэй төвлөрүүлж өгөх нь чухал гэдгийг онцлож байгаа хэрэг л дээ. Гэтэл манай боловсролын тогтолцоонд энэ зүй тогтлыг харгалзан үзэлгүй гадаад хэлний хичээлийг долоо хоногт 3-4 удаа л орохоор хичээлийн хуваарийг зохицуулаад зогсохгүй, зарим тохиолдолд ийм цөөхөн байгаа атлаа орчуулга, сонсгол, яриа гэх мэтээр өөр өөр чиглэлд төрөлжүүлсэн байдаг. Ийм байхад оюутан сурагчдын оюун санааны зөв төвлөрлийг яахин бүрдүүлж чадах билээ.
Харин Бурхан багшийн сургаалд “Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ.” хэмээсэн байдаг нь аливаа эрдмийг сурахдаа нэг чигийг барьж сурваас төгс амжилтанд хүрнэ гэсэн утгатай юм. Yүнийг гадаад хэл сурахтай холбон тайлбарлавал илүү ойр дөхөм байх болов уу? Тухайн гадаад хэлээр дурын ном сонин уншиж, кино болон телевизийн нэвтрүүлэг үзээд ойлгодог, монголоос тухайн хэл рүү, тухайн хэлнээс монгол хэл рүү ямар ч сэдвээр чөлөөтэй орчуулж, чөлөөтэй сэтгэж ярьж чаддаг хүнийг л сая тэр хэлэнд төгс боловсорсон хүн гэж хэлж болох тухай дээр өгүүлсэн. Эдгээр олон чадваруудыг тэнцүүхэн эзэмшдэг хэрэг гээд энэ олон чиглэл рүү зэрэг зэрэг дайрах юм бол амжилтанд хүрэхэд бэрхтэй. Тийм уйгагүй хичээнгүй хүн хэд байдаг билээ. Харин манай өвөг дээдэс гэрийн сургалтын аргадаа Бурхан багшийн номлосон дээрхи “Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ.” гэсэн сургаалыг ягштал хатуу мөрддөг байжээ. Тухайлбал зөвхөн уншилт бичилт хоёрыг гол болгодог байсан байна. Монгол гэрт арван хэдэн шавь сургана гэж үзвэл багш цагаан толгойг зааж сургаад дараа нь шавь нараараа чанга дуугаар тодорхой сэдвийг хөнгөнөөс хүнд рүү зугуухан шилжүүлж олон дахин давтан уншуулдаг байжээ. Чанга унших үед харааны тогтоолт, сонсгол дээшлэх, хэл эвлэх зэрэг олон чадварууд нэгэн зэрэг сайжрахаас гадна хамгийн гол нь төрөлхи хэлний сэтгэлгээний саадыг гэтлэн харь хэлний сэтгэлгээнд нэвтрэхэд маш чухал нөлөөтэй байх нь ойлгомжтой юм. Ийм аргаар зугуухан тууштай хичээллүүлэхэд суралцагсдад хүндрэл огт гарахгүй бөгөөд арван хэдэн хүүхдээс хоцрогч гэж байхгүй бүгд л тухайн гадаад хэлийг амжилттай төгс суралцан дараачийн хэлийг сурах нөхцөл бүрддэг байжээ. Энэ маягаар явсаар хэдэн жилийн дараа ямар ч сэдвээр төвөггүй уншиж ойлгон, бичих чадвартай болсон байх бөгөөд сонсгол, яриа, нааш цааш хөрвүүлэх зэрэг чадвар ч дагалдан төгс боловсрох нь мэдээж юм.
Дашрамд дурдахад манай хүмүүс тухайн гадаад хэлээр ярьдаг болохыг ихэд хүсэмжлэн мөрөөддөг. Гэтэл ярианы хэл гэдэг нь зөв сайн хичээллэвэл сургалтын доод шатанд бүрэлддэг чадвар юм. Гадаад хэлийг амжилттай сайн суралцъя гэсэн чин хүсэлтэй залуустаа зөвлөхөд эхлээд тухайн гадаад хэлний зөв сайхан дуудлагыг сайн эзэмш. Дараа нь хөнгөн хялбар бичвэрийг хурдан түгдрэлгүй яруу сайхан уншиж сур. Ийм чадварыг эзэмшчихсэн хүн ярихад санаа зовоод байхын хэрэггүй гэдгийг та сурчихсан хойноо аяндаа мэдрэх болно. Би танаас түгдрэлгүй хурдан түргэн ярьдаг чадварыг шаардаагүй, зөвхөн хурдан түргэн хүнд ойлгогдохоор цэвэр тод уншдаг болчих гэж зөвлөж байна. Ингэж чадсан цагт маш богино хугацаанд ганц алхаад л ярианы хэлний сайн чадварыг эзэмших болно. Энэ зуур бичвэрийн агуулгыг зугуухан хүндрүүлж гарсан шинэ үгийг тольдон чанга дуугаар уншаад бай. Гарсан шинэ үгнүүдийн утгыг ойлгоод л цээжлэлгүй хаяад байгаарай. Яагаад гэж битгий асуу. Yгээ тольдож утгыг ойлгоод л цээжлэлгүй орхиод бай. Долоогоос арван дөрөв хоногийн дараа цээжлэлгүй орхиод байгаа мөртлөө шинэ үгс түрүүчээсээ цээжлэгддэг болно. Энэ талаар хойно дэлгэрэнгүй тайлбарлана. Ийм маягаар явсаар хэдэн сарын дараа ямар ч сэдвээр толь бичиг харахгүй ойлгодог болж, хурдан түргэн уншдаг болчихвол ярих, орчуулах, сонсож ойлгох зэрэг бусад чадварууд дагалдан бүрэлдсэн байх болно. Тэгээд боломж байдаг бол тухайн гадаад хэлний хүрээлэлд ороод хүнтэй харилцаж үзвэл хагас сарын дараа гэхэд маш чөлөөтэй сайхан ярьдаг болсон байна. Энэ бүхнийг уншиж байх зуур та шинэ үг цээжлэх гэж хамгийн хүнд даваа байдаг шүү дээ. Дүрмийн мэдлэгийг яаж гартаа оруулах вэ? гэх мэт олон олон асуултын хариуг орхичихоод байна. Тэр бүхнийг яавал дээр вэ гэх мэтээр асуумаар зүйл олон байж таарна. Yүний хариу болгож та тэр бүхнийг асуухаасаа өмнө миний хэлсэн цэвэр сайхан бичдэг болохын тулд олон дахин хуулж бичих , зөв цэвэр сайхан уншиж чаддаг болох гэсэн энэ хоёр чадварыг сайтар сурч эзэмшихийн тулд л өдөр болгон шаргуу хичээллээд бай. Харин хуулж байх явцдаа шинэ үгийнхээ орчуулгыг байн байн эргэж харж байгаарай. Ийм маягаар гурван сарын турш тасралтгүй хийгээд байвал таны урьд өмнө эргэлзэж байсан олон олон асуултын хариулт аяндаа тайлагдах болно гэдгийг хэлэх байна.
Дээр дурдсанчлан сурагч оюутан хүн долоо хоногийн таван өдөр өглөөнөөс үд дунд хүртэл сурна гэж үзвэл жилийн нийт хугацааны дөнгөж арван таван хувь нь сургалтанд зориулагддаг гэсэн тооцоо байдаг тухай хэлсэн. Өөрөөр хэлбэл үлдсэн наян таван хувь нь таны мэдлийн чөлөөт цаг байдаг гэсэн үг. Дээр нь энэ арван таван хувийн хэдэн хувь нь гадаад хэлний хичээлийн цаг байдаг билээ гээд бодохоор тун өчүүхэн хувь гарах нь мэдээж юм. Тийм болохоор сургуулиас, багшаас гадаад хэлний төгс мэдлэг олж авна гэж найдах нь бараг нь утгагүй хэрэг л дээ. Манай хүүхэд залуус гадаад хэлийг сайн сурахгүй байгаагийн нэг нууц нь бас л саяын дурдсан жишээтэй холбоотой. Тэгэхээр амжилттай сурахын тулд өөртөө найдах нь хамгийн зөв юм. Харин амьдрал дээр байдал шал эсрэгээр байдаг нь нууц биш. Хүн өөртөө байгаа асар их боломжийг олж харалгүй аливаа асуудлыг шийдэх арга замыг үргэлж гаднаас эрж хайдаг. Би үүнийг ухаарахад дөхөм болгож Буддын шашны дияаны аймагтай холбоо бүхий нэгэн бяцхан түүхийг өгүүлье. Дияаны аймаг гэсэн бэлээхэн сайхан монгол үг байхад манай зарим зохиолч судлаачид Зэн Буддизм гэж оросоор дамжуулан буруу орчуулж бичээд байгаа болохыг энэ дашрамд хэлэх нь зүйтэй.
“Нэгэн залуу эр үнэний зам мөрийг олохын тулд нутгийн алдартай дияаны сүмийг зорин очиж эрдэмт ламд шавь оржээ. Багш нь түүнд чи эхлээд сүмийнхээ бусад лам хуврагуудтай уулзаж танилц. Түүний дараа би өөрт чинь ариун номын авшигийг хүртээх болно гэжээ. Залуу эрийн сэтгэл түүнд ихэд урамшин баясч тэр өдөртөө л багтаан тус сүмийн тавин хэдэн хөгшин залуу лам хуврагуудтай уулзан танилцсанаа багшдаа очиж айлтгажээ. Багш нь түүнд чи нэг чухал хүнтэй уулзаж танилцаагүй байна. Түүнтэй уулзаж сайтар танилцсаны дараа чамд авшиг хүртээн ном айлдаж эхлэнэ гэж гэнэ. Маргааш өглөө нь мөнөөх залуу эр эртлэн босож нөгөө уулзаагүй хүнийхээ эрэлд гарчээ. Тэр урьд өмнө нэгэнт танилцсан лам хуврагуудтай дахин уулзаж мөнөөх үл таних хүнээ сураглахад тэд бүгдээрээ мэдэхгүй хэмээн толгой сэгсэрчээ. Залуу эр бүхэл өдөржин дэмий эрэл сурал болсоны эцэст нар гудайхын алдад өлсөж цангахын эрхээр ус уухаар худаг руу тонгойх үедээ нөгөө эрэл сурал болсон хүнээ олж харжээ.” Тэр үл таних хүн нь чухам өөрөө болохыг уншигч та төвөггүй ойлгож мэдсэн байх гэдэгт итгэж байна. Та ч гэсэн урьд өмнө тэр болгон гаднаас нь олж харж байгаагүй “Дотоод би” гээ олж харагтун. Та орос хэлний Дулмаа, англи хэлний Гончиг багш нарынхаа мэдлэг, заах аргыг голж, арван жилд гадаад хэл сурч амжилгүй цаг хугацааг онгоц буудах, хөзөр тоглох зэргээр дэмий өнгөрөөснөө санагалзаж, чухам өнөөдрийг ашиглан гадаад хэлнийхээ номыг барьж авахын оронд болоогүй хагас бүтэн сайн өдөр, өвөл зуны амралтыг гиюүрэн хүлээж суугаа шүү дээ. Харин та өөрөө өөрийгөө дайчилж, ядаж гурван хоног гадаад хэлний хичээлээ тууштай барьж аван хийж байсан удаа бий бил үү? Манай оюутнуудын дунд “Багшаа би арван жилд байхдаа зургадугаар ангиас хойш хүний урманд ганц удаа номоо нээж харж байсан удаа үгүй. Харин таны хэлсний дагуу сүүлийн үед хичээл хийж үзсэн чинь болдог юм байна. Yүндээ их урам орж байна.” гэх буюу өдөрт дөрвөн цаг FM сонсож түүнээс ч багагүй цагийг солонгос кино үзэн өнгөрөөж байсан хүүхдүүдтэй цөөнгүй тааралдсан. Та нарын дунд ч гэсэн тийм хүүхэд залуучууд байж л байгаа. Тэгвэл яг өнөөдрөөс, яг одооноос гадаад хэлний хичээлээ давтахад 2-3цаг гаргачих. Би хоцорсон байлгүй дээ гэсэн өөдгүй бодлоор битгий өөрийгөө чөдөрлөөрэй. Хүний толгойд эргэлдэж байгаа түмэн бодол билиг оюуны хүчийг сарниаж байдгаас гадна эдгээр дэмий бодлууд хүнийг агдлан хүлж байдаг гэдгийг санагтун. Та элдэв дэмий бодлоо таягдан хаяад ядаж нэг сар, ядаж долоо хоног хийгээд л үзэгтүн. “Эзэн хичээвэл заяа хичээнэ.” гэсэн монголын сайхан зүйр үгийн хичнээн үнэн болохыг та мэдрэх болно.

No comments: