Monday, February 5, 2007

Ямар хүн гадаад хэлийг төгс сурах боломжтой вэ?

Цуврал №5
Монгол хэлээр ярьж чаддаг хүн болгон сурах боломжтой. Тэр дундаа тухайн гадаад хэлийг сурах чин эрмэлзэлтэй, уйгагүй тэвчээртэй хүн ямар ч гадаад хэлийг баталгаатай төгс сурч чадна. Та арван жилдээ гадаад хэлний хичээлд гавихгүй байсаар их дээд сургуульд ч гэсэн тэр байдал чинь үргэлжилсээр байж мэдэх юм. Тэгсэн ч миний одоо сурдаг хөг өнгөрсөн байлгүй дээ гэж битгий бодоорой. Жаахан хүүхэд гадаад хэлийг хэрхэн хурдан сурдагийн нууцыг дээр өгүүлсэн шүү дээ. Тийм болохоор хичнээн их хоцорсон мэт санагдаж байвч бүр эхнээс нь үзээд алдахад оройтохгүй. Шинээр үзэж эхлэхээр шийдсэн бол өдөр болгоны үзэх хичээлийн ачааллыг битгий их байлгаарай. Yзэх сэдвийн их бага гол биш хамгийн чухал нь өдөр болгон тогтмол хийгээд байх явдал л чухал юм шүү. Анхан шатны хичээлийг бага гэж басах дунд дээд шатны хүнд сэдэв рүү санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн үзэгчдийн амжилтанд хүрдэггүйн нийтлэг шалтгаан мөн. Тэгэхээр анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин зөв сайхан уншиж сурахад тэвчээртэй хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бүхний гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгүй гэж мөрөөдөөд байдаг ярианы хэлний чадвар чинь чухам л анхан шатанд бүрддэг юм шүү дээ. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага гэж басалгүй дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Харин яг хэд унших бичихийн тухайд гэвэл өөрийн цаг боломжоо харгалзан тогтоо. Тэгэхдээ өдөр бүр 2-3 цагаас багагүй хугацаатай байхаар зохицуулах нь чухал. Ингээд анхан шатны хичээлүүдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рүү зугуухан орж болно. Шинэ үгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд үзэж байсан аргаараа олон дахин хуулж, уншаад бай. Энэ үед хуулалт, уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно. Энд анхааруулж хэлэхэд өдөрт 2-3 цаг гадаад хэлээр хичээллэнэ гэвэл уншилт 30 минут орчим үлдсэн хугацааг хуулж бичихэд зарцуулж болох юм. Аливаа гадаад хэлийг үзэж байхад дунд шатанд хоёр хэлний сэтгэлгээний зөрөө ихсэж ирнэ. Тухайлбал манай монгол хэлэнд “Эмнэлэгт хэвтэх”,“Бөгтөр хүн” гэж ярьдаг байхад хятад хэлээр “Эмнэлэгт амьдрах”, “Тэмээн нуруутай хүн”, япон хэлээр “Эмнэлэгт амьдрах”, “Мууран нуруут” гэх мэт. Хамгийн гол нь та энэ бүхэнд төвөгшөө
лгүй тэвчээртэй олон дахин уншиж бичээд байх хэрэгтэй. Тэгэх аваас тодорхой хугацааны дараа хоёр хэлний энэ мэт сэтгэлгээний зөрөөг гэтлэн давж нэг л мэдсэн эх сайхан монгол хэл шигээ ойлгож тэр түвшинд ярьж бичиж орчуулдаг болсон байх болно. Та өдөрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр хугацаагаа ягштал барьж байвал их өгөөжтэй шүү. Зарим сэтгэл хөөрсөн үедээ 4-5 цаг толгой өөд татахгүй хичээллээд дургүйгээ хүрэхээрээ хоёр гурван өдөр ор тас хаяж давхиад байвал хүссэн үр дүнгээ өгөхгүй сэтгэл гонсгор хоцрох нь ойлгомжтой. Тийм болохоор хоёр цаг хийхээр тогтсон бол тэр л хугацаандаа давтаж хийчихээд номоо хойш тавьж бай. Харин хагас бүтэн сайн хэмээн өөртөө чөлөө өгч өдөр алгасахгүй байх нь чухал. Зарим хүн гадаад хэлийг сурах аргачлал гэхээсээ илүү баахан гүн ухаан номлочихлоо, яг барьцтай юу хэлэх гээд байгаа юм бол доо? гэж бодож байж болох юм. Ингэж шүүмжлэхээсээ өмнө та миний дээр бичсэн зүйлсийг дахин нэг тогтож уншаад эрэгцүүлэн бодож үзээрэй. Хамгийн гол нь нөхцөл боломжиндоо тохирсон өөрийн гэсэн аргыг боловсруулж ав. Тэгээд гурван сар тууштай хичээллэсний дараа маш олон зүйлийг ухаарч хаашаа явах, юу сурах чиг чинь тодроод ирнэ. “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тодорно.” гэж жанжин Сүхбаатарын хэлсэн үг чухам энэ ёсыг сургаж байгаа юм.

No comments: