Showing posts with label IQ. Show all posts
Showing posts with label IQ. Show all posts

Tuesday, September 16, 2008

Амны билгээс ашдын билэг. (Төгсгөлийн хэсэг)

үргэлжлэл..

ММО-д орохоор Улаанбаатарт ирлээ. Минийн хувьд Энхболдын нэрэмжит математик, ММО гээд улсын чанартай олимпиадад нийтдээ 6 удаа, аймгуудын бүсийн 14, аймгийн чанартай 30 орчим, сум дундын, сумын гээд нийтдээ 70 гарсан олимпиадын 80 хувьд нь байр эзэлж байж. Энэ удаад Олон улсад явах эрхийн төлөө 9-р ангийн зарим сайчуул нь 10-д өгсөж байна. Надад бол том шаанс гэсэн үг. Эхний өдрийн бодолтонд манай сургуулиас оролцсон 8-р ангийн Н.Батболд, 10-р ангийн Д.Баттөмөр бид 3 ангилал тус бүрдээ мөнгөн медалын болзолтой явав. Баярласан сэтгэлээ дарахын тулд зүгээр зогсож чадахгүй, ямарсайндаа 1 цаг PC-дээд, маргаашдаа бэлдэхээр тарцгаав..

Маргааш нь бодолтонд ороод орой нь дүнгийн хуралын дараа дүнгээ харахаар шөнө дөл болтол сургуулийн цонх сахив. Юу болох нь энэ вэ, ямар азгүй юм бэ. Батболд бид хоёр 4-р байранд жагсаад, Баттөмөр хоёр дахь удаагаа хүрэл медаль зүүх болж. Бас миний бүрэн бодсон бодлогын оноог тавиагүй байна. Гэхдээ дахин хамгаалалтанд ороод оноогоо авлаа ч өмнөх хүүхэд хол тасарчээ, ямар ч арга алга..

Уг нь бид 7-р ангид байхаасаа жил бүр олимпиадаас өмнө хотод ирж бэлтгэл хийж байв. МУБИС дээр Б.Сандагсүрэн багш дээр, МУИС -ын 3 дээр Баярмагнай, бас В.Адъяасүрэн багш нар дээр сар хиртэй, хэд хоногоор гэх мэт давтлаганд нь их суудаг, гаргасан номных нь бодлогуудыг бодсон байсан болохоор бараг хэн ямар школтой бодлого тавихыг нь гадарладаг байв. Нэг жилийн дараа бидний медалын мөнгөөр худалдсаныг баттай мэдэв. Батболд бид 2 тэр гурван хүрэл медалыг ч биш бүүр мөнгөн медаль зүүцгээх ёстой байж..

Үнэн хэзээд үнэнээрээ л үлдэнэ. Жилийн дараа мэдсэн тулдаа урам хугарч, амжилт буураагүй. Тэр үед багшийг маань дорд үзэж илт булхайцсан хүндэт багш нар, боодолтой мөнгөө ил бариад орсон, хүний оюуныг үнэлж мэддэггүй, хүүхэд нь улсын нэртэй сургуулын сурагч, тэр эцэгүүд.. Миний ганц олдсон тэр медалын боломж, Олон улсын бэлтгэлд гарахаас эхлээд цаашдын нэр хүнд, зорилгыг мөнгөөр худалдсаныхаа үр дүнд юу хожсон юм бэ?

Дараа жилийн Монголын Математикийн Олимпиадаас Н.Батболд мөнгөн медаль зүүсэн. Гэхдээ тэд зөвхөн өөрсдийн хичээл зүтгэл, чадвараараа ялсан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Математикийн Гүнзгийрүүлсэн Сургалттай Сургуулийг олон хүн мэднэ. Ярианаасаа хадуурчихаж би..
Тэгээд хэд хоногын дараа Эрдэнэт хотод Улсын анхдугаар IQ олимпиадад оролцоход 26 оноотой мөнгөн медалаас 0,5 оноогоор дутав. Шагнал, олон ном сонин, дурсгалын зүйлс, мөнгө ч авлаа.

..Эхлэлд өгүүлсэн өнөөх хажуу хашааны айлын хүү Үндэсний телевизийн Цоглог нэвтрүүлгээ үзэж сууж. Олимдиадад байр эзэлсэн 5 хүүхдүүдийн нэрс гарчээ.. , өө Бааска ахын нэр байна.. гэсэн байна. Надад анхнаасаа итгэж байсан байх даа. Баярлалаа дүүдээ. "Амны билэгээс ашдын билэг" хэмээх энэхүү бичлэгээ энд төгсгөе.

Хавсралт:

Анхны медалаа аваад явж байсан зураг.

Амны билгээс ашдын билэг ( 2-р хэсэг )

.. үргэлжлэл

УМО 2-ын даваанд орохоор аймаг руу явлаа. Би гэж азтай гар чинь сургуулийн IQ олимпиадад түрүүлсэн болохоор бас IQ-д нь оролцохоор болов. Энэ жил нь улсад 9-р ангийн олимпиад гэж байхгүй, 8, 10-р анги гэсэн 2 ангилал байгаа гээд би өгсөж 10-ийнхантай үзэхээр болов. Аймагт 2 шалгалтандаа орлоо. Гэтэл манай сургуулийн 10 ангийн хүүхэд буюу улсын хошой хүрэлтэй математикч Д.Баттөмөр, миний аймгийн төвийн байнгын өрсөлдөгч охин Бадамгарав-тай 2-р байранд, би аймагтаа ганц IQ клубтэй гэх өөр нэг сумын хүүхэдтэй эхний байранд оноо тэнцэв. Надтай тэнцсэн хүүхдийн дасгалжуулагч багш нь хэл ам хийгээд түрүү байр авна гээд бөөн юм болов..

Комисс хэлэлцээд бид дөрөвийн дунд дахин сорилт явуулахаар болов. Гэтэл төлөвлөөгүй байсанаас нөөц материал байхгүй байсан уу яасан дахин шалгалтын бодлого нь сумын олимпиадын материалтай адил ирчихэв. Хамаг бие арзайгаад, азтайгаа гайхаад, сургуулийн хүүхэд бид хоёр чишш.. гэж хуруугаараа дохиод машид сандрахын зэрэгцээ мишээл тодруулсаар бодолтондоо оров.. чиг чаг, түг түг.

Олимпиадын дүн гарлаа, би түрүүлчихэж. Математикт бас IQ-д. Сар хүрэхгүй болоод ММО-д УБ-т, дахиад хэд хоночихоод Улсын IQ олимпиадаар Эрдэнэт-д аймгийн зардалаар очихоор болов..

Харамсалтай нь энэ үеэр эмээ маань өнгөрөв. Би ганц хайртай ач нь шүү дээ. Яг одоо энэ бүхнийг эргэн санахад нүдэнд минь нулимс өөрийн эрхгүй цийлэгнэж байна. Би уйлахгүй байж чадахгүй байна. Тэр үед юун улсын тэмцээнтэй манатай. Надад ганцаараа байж эмээгээ бодохоос өөр хийх юм олдохгүй байв. Сэтгэлийн уг дахь бараан өдрүүд үргэлжлэв..

Гэхдээ би тэмцээндээ явахаар шийдсэн, зүтгэсэн. Учир нь... Сумын олимпиадаар байр эзэлсэн гээд диплом гэсэн бичигтэй том шар шагналын хуудасаа, шагналын мөнгөөр нь авсан хүнсний зүйлээ барьж орж ирээд би тэдэн хүүхдээс 2-т орсон гээд л өөрийгөө магтахад эмээ маань баярлаад уйлж байсан юм. Харин намайг илүү их амжилт гаргахыг харсан бол ямар их баярлах байсан болоо. Ингэж бодоод өөрийгөө дайчлах болов..

үргэлжлэл бий..

Амны билгээс ашдын билэг ( Эхний хэсэг )

9-р ангид байсан үе, нэг өдөр ээж хажуу айлд ороод ирэхэд бага ангид сурдаг хүү нь Бааска ах олимпиадад орох юм уу? Улсын олимпиадын шагнал нь 200,000 төгрөг гэсэн тэ зурагтаар зарлаж байна гэж асууж, ээж санаа нь зовоод тийм байхаа л гэж. Тэрийг нь сонсоод яанаа би шараа одоо л сонсож байна, тоо л бодох гэж үзэхээс юун IQ байхав дээ хэмээн бодоод өнгөрөв.

Хэд хоногын өмнө багш орж ирээд ангиас хэдэн хүүхдийн нэр дуудсан юм. Хичээлдээ сайнууд нь л байна даа намайг дуудах болов уу гэж бодтол ашгүй нэр гарлаа. 8, 9, 10-р ангийнхан холилдоод сургуулийн IQ шалгалт өгөх нь. Өө яваад орчихов. 40-өөд минут суугаад бүгдийг нь хийчихээд л гиюүрч байтал хүүхдүүд сандраад хийгээд л, толгой өндийлгөсөн нэг нь ч алга. Дотроо шоолчихоод л 10 минутын өмнө өгчихөөд гараад явчихав.

Ангидаа сууж байтал бусад маань орж ирээд мэдэхгүй бодлог яриад эхлэв. Пүүү баларсаан, цаасаа эргүүлж хардаггүй би ямар бүтэлгүй юм бэ... эрхлэгчийн өрөөнд гүйхээрээ очив. Шрекийн муурны нүдээр харж байж 10 минутандаа нөхөж бодохоор болов. Түрүүнд мундаг царайлаад байсан бөндгөр дэхь тархины хэдэн эс сандчаад гүйлдэж гарав аа. Бараг 15 минут болоод хураалгалаа. Зө зө хайран боломж угаасаа нэмэргүй л дээ..

2 хоногын дараа даагаа нэхэхээр сумын олимпиадад нь бүртгүүлчихэв. Энэ удаад өмнөө 10-р ангийн хүүхэд оруулаад 2-т жагсав.
Аймгийн IQ олимпиадад ахлах анги төлөөлж сургуулиас ганц хүүхэд явна, гэтэл энэ чинь манай сургуулын хүүхэд байна ш дээ, би ч азгүй байна даа..

үргэлжлэл бий..