Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна
Сая нэгэн албан газрын танхимд нэлээд зайтай харагдаж өнгөрсөн анхааруулгын тэмдэгийг ажихдаа яг ямар учиртай болохыг нь мэдэх гээд чадсангүй. Хэдийгээр миний хараа зүгээр боловч хүн яагаад харах чадвар нь ийм хязгаарлагдмал хэмжээтэй байдаг юм болоо гэсэн бодол толгойд орж ирлээ. Тэрхэн зуур удахгүй хэдхэн жилийн дараа хүн хэрэв хүсвэл хол зайд байгаа юмсыг ойртуулан харж, эсвэл дэргэдээ байгаа мэт дуу чимээг ойртуулан сонсож болох тоног хэрэгсэлийг гар утас, түлхүүр, түрүйвч шигээ л биедээ авч явдаг болсон байх биз гэж бодогдлоо. Ахиад жаахан хэтрүүлгэтэй төсөөлбөл яг эсрэгээр нь хэдэн зуун метрийн зайд байгаа хүнийг дуудахдаа ойр хавьд буй хүний анхаарлыг татахгүйгээр, дуудаж буй хүнийхээ хажууханд нь ярьж буй мэт авиаг гаргаж болох, ингэхдээ төхөөрөмжөөрөө зайг нь тохируулаад л болчихдог байг л дээ. Гэтэл одоогоор миний сонссоноор бол хол зайд гарч буй чимээг ойртуулан чагнадаг аппарат байдаг. Тэр нь яваандаа овор хэмжээ багатай болоод хүний хэрэгцээний эд зүйлстэй хамт эсвэл дангаараа ч юм уу бүтээгддэг болчих ч юм билүү. Өө нээрэн энэ санааг амьдралд хэрэгжүүлсэн нэгэн жишээ бол яалт ч үгүй камер юм байна. Бичлэг хийж байх үедээ хол, ойр зайд байгаа объект дээр чиглүүлэхэд автоматаар фокусаа тааруулж бичигдэх дүрсийнх нь тод харагдацыг тохируулж байдаг. Бас дуу авиаг ч гэсэн тохируулдаг. Харин хүн анхнаасаа бүргэд шиг хурц хараатай, зарим амьтад шиг үнэрч хамартай, сонор чихтэй, хурдан хөдөлгөөнтэй, хүч чадалтай бүр цаашлаад нисдэг гэх мэт одоогийнхоосоо илүү чадвартай байсан бол яах байсан болоо. Муугаар бодоход магадгүй хоорондоо тэмцэлдэх болвол өнөө үед болдог зүйлстэй харьцангуйгаар маш аюултай үзэгдэл болох байсан биз, араатнаас ч дор. Аль эсвэл одоо байгаа шиг л тэр чадваруудаа голсон шигээ хөгждөгөөрөө хөгжөөд байна гэвэл одоохтой харьцуулахад бүүр ч илүү ихээр хөгжил дэвшилийг олсон байх байсан болов уу. Ер нь бодоод байхад хүнд оюун ухаан буюу сэтгэх чадвар гэдэг гайхалтай чадамж байхад л болчихож байгаа юм байна дөө. Агаар тэнгэрээр бүр огторгуйгаар нисэж, бичил ертөнц болоод сансарын уудамыг дурандан харж, өнгө, үнэр гэж юу байдгыг нь судалчихсан байна шүү дээ. Хэдхэн арван жилийн дараа бүх зүйлс одоо байгаагаасаа ч илүү өөрчлөгдөж цаашид юу болох нь тодорхой биш байна. Гэхдээ амьдрал үргэлжилсээр л байна. Сүүлдээ бүр хорвоо ертөнц анзаарч амжихааргүй дэндүү хурдтай хувьсан өөрчлөгдөж, бидний ойлгосноор хөгжиж дэвшиж, зарим нэг талаараа нэлээд зүйл нь унаж мөхөж байх шиг байна. Цаашид бид бүгдийг амьдарч байна гээд зогсож, хэвтэж, алхаж эсвэл сууж байх хооронд бидний мэдэхгүй, мэдэж амжихааргүй, мэдэх боломжгүй зүйлүүд маш их болж өнгөрөх учраас та бид аль болох энэ их өөрчлөлтийг тухай бүрд нь чадах ядахаараа мэдэрч, хоцорчихгүй, хол хаягдчихгүй шиг амьдрах л хэрэгтэй болжээ.
No comments:
Post a Comment