Saturday, February 3, 2007

Түмэн бодлыг цөөлөх үндсэн арга буюу сэтгэл тогтохуйн ёсон


Цуврал №3

Бид дээр аливаа нарийн эрдэм ухаан бүхнийг сурч мэдэх төрөлхийн хурц чанар бүхий билиг оюуны онцлогийн талаар товч дурдсан. Хэрвээ хүн байгаль, нийгэм, гэр бүлийн зэрэг гадаад орчноос үүдэлтэй түмэн зүйлийн бодлоо аль болохоор цөөлж чадвал билиг оюуны хурц чанар улам бүр тодрон эцэстээ ухаарал гэгээрэлд хүрч Бурхны хутгийг олох боломжтой тухай “Билиг бармидын зүрхэн судар”, “Доржзодов” зэрэг хөлгөн судруудад номлосон байдаг. Тэгвэл түмэн бодлыг яаж цөөлөх вэ гэдэг талаар Бурхны сургаал төдийгүй Күнзийн сурталд ч нарийн аргыг зааж номлосон байна. Күнзийн сургаалд “Төрөө зас, төрөө засахын тулд гэрээ зас, гэрээ засахын тул биеэ зас, биеэ засахын тулд эрдэм сур, эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо” хэмээн номложээ. Тэгэхээр эрдэм сурах, ялангуяа гадаад хэл сурахын урьдчилсан нөхцөл нь сэтгэлээ тогтоосон байх хэрэгтэй байх нь ээ. Гэтэл одоогийн олонхи хүүхэд залуучууд гадаад хэл сурах чин эрмэлзэлтэй боловч сэтгэл нь тогтоогүй FM сонсох, солонгос кино цаг наргүй үзэх, PC тоглоом тоглох, шар сонин унших, дэмий сэлгүүцэх зэрэгт автсан байдаг тул эцсийн үр дүн ямар байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл билиг оюуны хурц чанар дээр өгүүлсэн олон зүйлсэд автан сарниж байна гэсэн үг. Харин тэр бүхнийг орхин огоорч, гагцхүү сурахаар зорьсон гадаад хэлэндээ ухаан санаагаа зөв төвлөрүүлж чадах юм бол та хэдэн ч настай бай хамаагүй хоёр гурван настай хүүхэд шиг тухайн гадаад хэлийг тун богино хугацаанд сайн сурах боломжтой. Бурхан багшийн сургаалд “Сахилаас сэтгэл тогтоно, сэтгэл тогтвол билиг үүснэ.” хэмээн номлосон байдаг. Орчин үеийн хүмүүст энэ ёсыг ойр дөхөм болгон тайлбарлаваас “Хүн өдрийн нарийн дэгтэй байж, муу зуршилд автахгүй, биеэ хол байлгаад зөвхөн сурахаар зорьсон эрдэмдээ сэтгэлээ төвлөрүүлж чадвал амжилтанд хүрч чадна.” гэсэн үг юм. Чухам ийм учраас манай өвөг дээдэс гэрийн сургалтын аргаар шавь нартаа эрдэм зааж эхлэхийн өмнө сэтгэлийг нь гурван савны гэмээс арилгадаг байжээ. Тэр гурван савны гэм гэдэгт “Цоорхой савны гэм”, “Хөмөрсөн савны гэм”, “Бохир савны гэмийг” багтаан авч үздэг. “Цоорхой савны гэм” гэдэгт хүний салан задгай, хайш яйш зан төрх, “Хөмөрсөн савны гэм” гэдэгт хэнэггүй, гиюүрсэн байдал, “Бохир савны гэм” нь хүний хар муу санааг хэлдэг байна. Сэтгэлийн эдгээр гэмүүд нь “Нисваанис буюу түмэн бодол”-ыг үүсгэх нөхцөл болдог тул эдгээрээс ангижирсан сэтгэл ариусч билиг оюуны хурц чанар тодрон ямар ч нарийн эрдэм ухааныг сурах боломжтой болдог ажээ. Энэ бүхнийг уншиж байх зуур уншигч та нирваан дүрийг үзүүлээд 2500 гаруй жил нэгэнт улиран одсон боловч билгийн чанадад хүрч сэтгэлийн амгаланг олсон Бурхан багшийн завилан суугаа гэгээн дүр бидэнд өнөө хэр хичнээн нарийн гүн санааг бэлгэдэн ойлгуулж байдгийн учрыг ухаарч эхэлсэн болов уу гэж найднам.

Дээр өгүүлсэн бүхнийг дүгнэн хэлэхэд түмэн бодлоос ангижран, аль болохоор цөөлөх үндсэн арга нь сэтгэлийг тогтооход байдаг ажээ. Харин сэтгэлийг хэрхэн яаж тогтоох гол арга нь сахилыг сахих явдал байдаг байна. Өөрөөр хэлбэл аллага, хүчирхийлэл зэргээр дүүрсэн шар сонин уншиж, телевиз болгоноор солонгос кино үзэн, орцонд найз нөхөдтэйгээ дэмий балай зүйлийг хэдэн цагаар хүүрнэж байдаг нь өөрт чинь ямар ч ашиг өгөхгүй, харин ч есөн шидийн дэмий балай бодолд автахад өөрийг чинь түлхэж байдаг гэдгийг ухаарах хэрэгтэй. Тийм болохоор өглөө эрт босож, шөнө орой унтан, гэр амьтай байж, гэр орон цэвэрлэх, хоол ундаа хийх, хувцас угаах зэрэг өөртөө болон гэр бүлдээ ашиг тустай үйлийг хийж илүү гарсан чөлөөт цагаараа гадаад хэлийг тууштай үзэх юм бол богино хугацааны дотор тухайн гадаад хэлний учрыг олж цаашид өндөр амжилтанд хүрэх боломжтой юм. Хүүхэд залуус өдрийг ийнхүү үр бүтээлтэй өнгөрөөж байвал зөвхөн гадаад хэл болон бусад эрдмийг амжилттай суралцаад зогсохгүй хэдэн жилийн дараа хүмүүжилтэй, үзэл бодол зөв төлөвшсөн иргэн болох тул цаашдын амьдралд маш ашиг тустай байх нь ойлгомжтой. Урьд өмнө тэр болгон сонсож байгаагүй энэ аргын тухай уншиж байх зуур танд бусад хичээл номоо яах билээ? Ийм аргаар гадаад хэлийг сурна гэвэл бусад ажил сурлага орхигдоно гэсэн гэнэн бодолд хөтлөгдөхийг үгүй гэх газаргүй юм. Энэ бол зөвхөн дээр өгүүлсэн нөгөө дэмий балай түмэн бодлын чинь нэг нь л явж байгаа хэрэг. Харин хүн дунджаар дал насладаг гэвэл хоногоор шилжүүлэн тооцоход та энэ бүх хугацааны 23 жилийг зогсож, 16 жилийг унтаж. . . гэх мэтээр асар их цагийг үр дүнгүй өнгөрөөдөг атлаа зөвхөн 450 хан хоногийг л суралцахад зарцуулдаг гэдгийг мэдэх үү? Мөн хоногийн 24 цагийн ердөө арван тавхан хувийг л та сургууль дээрээ хичээл хийхэд зарцуулдаг байна. Тэгэхээр танд гадаад хэл сурахад илүүчлэх чөлөөт цаг хангалттай их байгаа гэсэн үг. Тийм болохоор та эргэлзэхийн хэрэггүй яг өнөөдрөөс эхлэн чөлөөт цагаа ашиглаад гадаад хэл сурах их аянд зориг шулуудан орох хэрэгтэй.

Их сургууль төгсөөд хоёр гурван жил боллоо. Энэ хооронд сургуульд үзсэн бага сага гадаад хэлний мэдлэг маань бүр ор тас мартагдлаа.” гэх буюу сургуульд сурч байгаа нэг нь “Гуравдугаар курсийг ёстой дэмий хоосон өнгөрөөчихлөө. Гадаад хэлний багш муу заасан нь л даа. Гэхдээ би өөрөө өдөрт ядаж хоёр гурвахан үг цээжлэх минь яав даа.”, “Өнгөрсөн долоо хоногт би өдөрт ганц ч шинэ үг цээжлээгүй байна шүү. Ёстой баларсан юм боллоо.” гэх зэргээр бодож байгаа хүмүүс зөндөө олон байгаа. Энэ хэсэг хүмүүс бодол санаагаараа өнгөрсөн үедээ амьдарсаар байгаа ажээ. Гэтэл зарим нь ийн халаглаж байхад бас цөөнгүй хэсэг нь “Арван жилдээ ч гадаад хэлийг гавьтай сайн сурсангүй төгсчихлөө. Аав ээжийнхээ буянаар их сургуульд элсэн суралцахаар боллоо. Энд л тэр англи хэлийг чинь сайн сурах минь.” гэх буюу “Хурдан тавдахь өдөр дуусаасай, хагас бүтэн сайн өдөр амрахгүй англи хэлээ үзнэ дээ. ”, “Цагаан сараар хамаатан садантайгаа золгохгүй гадаад хэлийг үзэх минь, өвлийн амралт хурдан болоосой.” гэж бодож байгаа хүмүүс мөн олон л байгаа. Харин энэ бол бодол санаагаараа ирээдүйд хөвж яваа нэг хэсэг юм. Энэ хоёр бодлын аль аль нь гадаад хэл сурахад бодит ашиг тусгүй гэдэг нь ойлгомжтой боловч олонх хүмүүс ийм байдлаар өдөр хоногийг үр дүнгүй өнгөрөөсөөр байдаг. Харин эдгээр бодлыг таягдан хаяж тухай тухайн өдөрт өөрийн цаг боломжиндоо тааруулан гадаад хэлийг үзээд эхлэсэн хүмүүс үр шимээ зохих ёсоор нь хүртдэг байна. Мэдээжийн хэрэг та гадаад хэл үзээд эхлэсэн тэр өдөр сэтгэл санаа чинь тогтоод эхлэхгүй нь лавтай. Та арван жилдээ тухайн хэлээрээ гавьтай сайн сураагүй, одоо ч олигтой сурсан мэдсэн зүйл үгүй байсан ч хамаагүй, бүр анхан шатнаас нь эхлэн үзэхэд оройтохгүй. “Сайн эр өшөөгөө авахад арван жил ч оройтохгүй.” гэсэн хятадын мэргэн үг байдгийг санаж явагтун. Анхан шатнаас нь эхлэн өдөр болгон 2-3 цаг тууштай үзээд байхад гурван сарын дараа өөрийн чинь гадаад хэлний мэдлэг мэдэгдэхүйц сайжрахыг мэдрэхийн зэрэгцээ нэг жилийн дараа та ангийнхаа хамгийн тэргүүний оюутан сурагчийн хэмжээнд хүрсэн байх болно. Энэ зуур ганц ч өдөр алгуурлан таслаж болохгүй. Харин үнэхээр тууштай чармайн хичээллэж чадваас зөвхөн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй, сахилга баттай, тэвчээртэй, хүмүүжилтэй, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай гэх зэрэг олон сайн чанар танд бүрэлдсэн байх болно. Харин гадаад хэлний хичээлийг давтахдаа юуг яаж хийх талаар дараагийн сэдвээр нарийвчлан тайлбарлая.

No comments: