Залуу насны маань дурсамж дүүрэн он жилүүдийн хамт түүх болон үлдэж буй оюутны амьдрал буцалсан их сургуулийн дотуур байрныхаа хаалгаар хотынхоо нэгэн шинэ өглөөтэй золгохдоо тэгж их сэтгэл сэргэнэ чинээ санасангүй. Ихэнхдээ таагүйхэн бодолд автуулсан саарал утаагаар угтдаг болохоор ч тэрүү тэр бүр өглөө босоод цонхоор харах бодолгүй байдгаас цас хаялж буйг анзаарсангүй байж. Тийнхүү бас ч гэж цэнгэг агаарт өглөөний нарыг чиглэж алхсаар ажилдаа ирэх замдаа дээш харвал цэнхэр тэнгэр харагдах мөртлөө цас хаялж нарны гэрэлд гялбах нь үнэхээр гайхамшигтай үзэгдэж байлаа. Бороо хурын цагт бол үүлэн цоорхойгоор наран туссан нартай бороо нэг ийм сайхан сэтгэгдэл төрүүлдэгсэн. Өглөөг яаж эхлэхээс л хүний тухайн өдрийн ажил үйлс ямар байх нь шалтгаалдаг гэдэг дээ. Өдрийн эхлэл сайхан байсан болохоор ч тэрүү сэтгэл өөдрөг байж, өнөөдөр гээч нь миний хувьд үнэхээр л сайхан өдөр болж өнгөрлөө. Тэгээд өглөө бүрийг бид бүгдээрээ ийнхүү сэтгэл өөдрөг угтдаг байгаасай гэж хүслээ. Их сургуулийн корридорт байх нэгэн парадокс "ЭНЭ ӨДӨР МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ШИЛДЭГ ӨДӨР" хэмээх үгсийг сануулан байдаг. Та ч гэсэн одооноос өглөө бүр өөртөө ингэж хэлээд үзээрэй.
No comments:
Post a Comment