Ээж хад
Бямба гарагийн амралтын өдрөөрөө төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг Ээж хад хэмээн нэрлэгдсэн тахилгатай газар очив.
Миний ойлгосноор: боржин хад чулуу ихтэй өвөрмөц тогтоцтой газар байна лээ соронзон орон үүсч аянга ихээр буусанаас (хотоос очдог шуудангийн жолооч иймэрхүү зүйл хэлээд бороотой өдөр зорчигчидынхоо утсыг унтраалгадаг гэж байв) болж хад чулуу нь хөндийгөөр дүүрэн тарж бутараад сүүлдээ газар нь хөрсжөөд чулуунууд цухуйн тэгж алаг цоохор харагдаж байх нь. Ямар нэг онцгой энергитэй газар болохоор нь эртнээс бөө нар шүтэж лус савдагыг нь аргадаж байж л дээ. Тэнд бөөгийн дуудлагыг нь уншиж үзсэн үнэхээр сонирхолтой юм билээ. Интернэтээс Ээж хад-ны талаар хайж үзтэл тоймгүй олон сонирхолтой баримт олдож байна. Хэлмэгдүүлэлтийн үед лам нарын нуугдаж байсан агуй ч байдаг гэнэ. Их л олон нууцтай нутаг бололтой. Энэ тэрийг үзэж явтал буцах цаг болчихож. Ганцаараа үлдчихээд яаран харайлгаж явтал нэг жижигхээн хөөрхөн амьтан урдуур дэгдээд өнгөрөв. Зураг дарах гэж цүнхээ нээх хооронд тэрүүхэн хэдхэн хадны араар орох шиг болоод хайсан ч олдсонгүй. Хүнээс асуутал энэ газар зээртэй юмсанж. Эхээсээ төөрсөн янзага байж л дээ гэв. Тэнд очсон хүмүүс ээж хаданд хүслээ хэлээд, өөрийн өвчин зовиуртай биеийн хэсгүүдийг нэг чулуунд домноод, мөнгөтэй түрийвчээ бас нэгэн чулуунд адислуулаад буцдаг заншил тогтож. ...Эх орны минь байгаль, өсөж төрсөн нутаг хүн бидэнтэйгээ хүйн холбоотой гэдэгийн нэг жишээ энэ болов уу. Холын аймгаас Ээж хад-ыг зорин гэр бүлээрээ ирсэн хүн ч олон байв. Ийм л байгал эхээ шүтэж дээдэлдэг ард түмний үрс, та, бид тээж төрүүлсэн ээжийгээ, ачит аавыгаа өдөр бүр хүндлэн дээдлэх ёстойгоо ямагт санах учиртай.
2 comments:
Сайхан нийтлэл бичсэн байна.
Тиймээ, сайхан нийтлэл байна. Ингэхэд ээж хад руу яаж очдог юм бэ?
Post a Comment